ЭМЯ-наас COVID-19 халдварын нөхцөл байдал манайд болоод бусад улс оронд ямар байгаа талаар ээлжит мэдээллээ хүргэлээ /02.27/

ЭМЯ-наас COVID-19 халдварын нөхцөл байдал манайд болоод бусад улс оронд ямар байгаа талаар ээлжит мэдээллээ хүргэлээ /02.27/


Манай улсын тухайд, энэ сарын 25-нд Багануур дүүрэгт хоёр, Орхон, Баян-Өлгий, Төв аймгийн Цээл суманд тусгаарлагдсан тус бүр нэг тохиолдол буюу нийт таван хүний шинжилгээний хариу гарч, коронавирусийн халдвар илрээгүй болох нь батлагдлаа. Түүнчлэн “БНСУ-д зорчоод эргэн ирж, ажиглалтад орсон 51 хүний шинжилгээнд мөн коронавирус илрээгүй" гэсэн сайхан мэдээгээр энэ өдрийг угтаж байна.

 
Энэ талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “БНСУ-д зорчоод эргэн ирж, ажиглалтад орсон 51 иргэний 37 нь “Асралт мед” эмнэлэгт, зургаа нь ХӨСҮТ-д тусгаарлагдан ажиглалтад орсон бол найм нь гэртээ ажиглалтад орсон. Мөн энэ сарын 26-нд ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол хоёр, Налайх дүүрэгт нэг, Орхон аймагт нэг тохиолдол тусгаарлагдан, шинжилгээ хийгдэж байна. Үүнээс гадна өнөө өглөө онгоцоор ирсэн хүмүүсийг зохих журмын дагуу ажиглалтад авч, тусгаарласан” гэлээ.
 
Мөн тэрбээр “Төр засгаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны ачаар Цагаан сарын үе амар тайван өнгөрлөө. Гэхдээ энэ дэг журмаа үргэлжлүүлэн баримтлах учиртай.
Шинэ коронавирус Монгол Улсад ороод ирэхэд нь оношилж чадах ч эмчилгээний арга төвөгтэй бөгөөд өвчтөний нас, дархлааны байдал, биеийн онцлогоос ихээхэн хамаарч, эмчилгээнд нь ямар их хөрөнгө зардал гарч байгааг та бүхэн гаднын хэвлэлүүдээс харж байгаа байх. Тиймээс бидний гол төлөвлөгөө бол вирусийг оруулж ирэхгүй байх" гэдгийг анхаарууллаа.

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Х.НарангэрэлДэлхийн таван тив 41 орныг хамарч, шинэ коронавирус /Covid-19/ тархлаа. БНСУ, Япон, Итали, Иран зэрэг оронд эрчтэй тархсаар байна. БНСУ-ын Дэгү хотод халдвар голомтлон гарсаар байгаа юм. Бүх хүн хамтран зүтгэж байж, энэ өвчний ард гарна. Цар тахал гарах нь цаг хугацааны асуудал болоод байна гэж эрдэмтэн судлаачид, ДЭМБ-аас анхааруулсаар байна. Энэ хугацаанд иргэн бүр шинэ коронавирусээс хамгаалахын тулд амны хаалтаа зөв зүүх, дархлаагаа дэмжих шаардлага байна” гэлээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Улсын онцгой комиссоос тогтоол гаргаж, нэмэлтээр нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж болон ариутгалын бодисын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн. Түүнчлэн аймаг, нийслэлийн бүх Засаг дарга нарт тусгаарлах байруудыг бэлэн болгох болон голомтоос ирж байгаа иргэдийг тусгаарлаж, ажиглалтад авах чиг үүргийг өгөөд байна.
Улсын онцгой комиссын тогтоолоор Солонгос, Япон, Итали зэрэг улсаас эх орондоо ирж байгаа иргэдийг улсын хилээр нэвтэрсэн өдрөөс 14 хоног тусгаарлан ажиглалтад авах шийдвэр гарсан.
Шийдвэрийн дагуу одоогоор Дорнодод 5, Замын-Үүдэд 104, Жаргалантад 17, Асралт эмнэлэгт 37 иргэнийг тусгаарлаад байна. Мөн Архангай, Орхон, Хөвсгөл, Дархан-Уул, Баянхонгор зэрэг аймагт ч тусгаарлан ажиглаж байгаа иргэд бий.
Өнөөдөр Турк, Бангкокоос нислэгүүд орж ирж байгаа. Тиймээс бид энэ нислэгүүдээр голомт дахь нутгаас ирсэн иргэдийг тусгаарлан сэргийлэх арга хэмжээг авсан.
Үүнээс гадна дараагийн нислэгүүдээр ирэх иргэдийг тусгаарлах эмнэлгүүдийг бэлэн болгосон.
Түүнчлэн Сөүлээс Эрхүү рүү дамжин ниссэн иргэдийн мэдээлэл бидэнд байгаа учраас тусгаарлах өрөөнүүдийг бэлдэн ажиллаж байна.
Төр засгаас маш их арга хэмжээ авч байгаа бөгөөд энэ өвчний тархалтыг хязгаарлах боломж хумигдаж байгаа учраас хүн бүр урьдчилан сэргийлэх ажлыг хариуцлагатайгаар авах зайлшгүй шаардлагатайг ДЭМБ-аас хэлж байна" гэв.
 
 
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл