ЭМЯ ТЭМБҮҮ ӨВЧНИЙГ БУУРУУЛАХААР ЭРЧИМТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА

ЭМЯ ТЭМБҮҮ ӨВЧНИЙГ БУУРУУЛАХААР ЭРЧИМТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА


Манай улс бэлгийн замын халдварт өвчин тэр дотроо тэмбүү өвчний илрүүлгийг сайн явуулж буй хүрээнд өвчлөлийг бууруулж эхэллээ. Засгийн газрын 2017  оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Халдварт  өвчнөөс сэргийлэх, хянах  үндэсний  хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн яамнаас “Халдварт өвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. “Тэмбүүг устгая” аяны хүрээнд энэ оны долдугаар сараас улс даяар зохион байгуулж эхэлсэн.
Энэ ажлын хүрээнд тэмбүүгийн өвчлөлийг бууруулах зорилгоор нийт хүн амд чиглэсэн бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх мэдээлэл, сургалт сурталчилгааг нэмэгдүүлэх, залуучууд, эрсдэлт бүлгийн хүн амыг үзлэг шинжилгээнд хамруулан, эрүүлжүүлэх, жирэмсний хяналтыг сайжруулах зорилтын хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулсан байна. Тухайлбал, тэмбүү, ХДХВ-ийн халдвар илрүүлэх үзлэг шинжилгээг халдварт болон халдварт бус өвчний илрүүлэг үзлэгтэй хамтатган аймаг бүр өөрийн онцлогт тохируулан зохион байгуулж, 96 мянган иргэнд шинжилгээ хийж, 765 тэмбүүгийн шинэ тохиолдлыг илрүүлэн, эмчилгээнд хамруулжээ. Тэмбүү өвчин яагаад улс орны хэмжээнд анхаарал татсан сэдвийн нэг болов гэвэл сүүлийн таван жилд бүртгэгдсэн өвчлөлийн дунджийг харьцуулахад нэмэгдсэн тоо харагдаж байгаа боловч энэ нь нэг талаар эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо эрс сайжирсантай холбож үзэж болно. Тэмбүүг эрт илрүүлэхийн тулд цусны шинжилгээгээр оношлогддог. Энэхүү шинжилгээг бүх аймаг, дүүргийн  бэлгийн замаар дамжих халдварын кабинетад үнэ төлбөргүй хийж байгаа нь энэхүү өвчний илрүүлгийг идэвхжүүлэх давуу тал болж буй юм.
Тэмбүү өвчин тусч буй эрсдэлт бүлгийг тогтоосон бөгөөд үүнд өндөр эрсдэлт бүлгийн 1,271 хүн, Баянхонгор, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд зэрэг 10 аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн 6,000 гаруй ажилчин, 6 аймгийн 10 сумын 38 аж ахуйн нэгжийн 870 гар аргаар алт олборлогч, 15 аймгийн алсын тээврийн 2,140 жолооч зэрэг нийт 20,620 хүнийг үзлэг шинжилгээнд хамруулахад 279 тэмбүүгийн шинэ тохиолдол, 16,000 гаруй оюутан, 1,663 орон гэргүй иргэдээс 219 тэмбүүгийн тохиолдол илрүүлэн эмчилжээ. 
Түүнчлэн жирэмсний хяналтыг сайжруулахад онцгойлон анхаарч, улсын хэмжээнд давхардсан тоогоор 29 мянган жирэмсэн эмэгтэйд тэмбүү, ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийж, 850 орчим тэмбүүгийн тохиолдлыг илрүүлсэн байна. 
“Тэмбүүг устгая” үйл ажиллагааг эрчимжүүлснээс хойш дөрвөн сарын хугацаанд нийтдээ улсын хэмжээнд 218 мянга гаруй иргэнд үзлэг шинжилгээ хийж, тэмбүүгийн 3,682 тохиолдол, 1,716 хавьтлыг илрүүлэн, эмчлэн эдгэрүүлсэн үр дүнтэй байгаа аж.
Эрүүл мэндийн яам, ЭМЯ-ны дэргэдэх БЗДХ, ДОХ-ын Мэргэжлийн салбар зөвлөл, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамтарсан баг 15 аймагт уг үйл ажиллагааны явцад дэмжлэгт хяналт хийж, 12 аймгийн 500 гаруй эмч, мэргэжилтнийг тэмбүү өвчний оношилгоо эмчилгээ, хавьтлын илрүүлэг, эмчилгээний хяналтын талаар сургасан байна.
Энэ 2019 оны эхний 10 сард бэлгийн замаар дамжих халдварын 13,685 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний дунд 38.0 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварын 40.3 хувийг тэмбүүгийн өвчлөл эзэлж, 5,517 тохиолдол бүртгэгдсэн байна. Тэмбүүгийн өвчлөл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 503 тохиолдлоор нэмэгдсэн нь “Тэмбүүг” устгая үйл ажиллагааны хүрээнд явагдсан илрүүлэг шинжилгээний үр дүн гэж үзэж байна.
 Тэмбүүгийн өвчлөл Сүхбаатар, Хөвсгөл, Дорноговь, Дорнод, Баянхонгор, Өвөрхангай аймаг, Улаанбаатар хот улсын дундаж үзүүлэлтээс өндөр байгаа.
Иргэдийг БЗДХ-ын үзлэг шинжилгээнд хамрагдах, үнэ төлбөргүй эмчлэх, хувь хүний нууцыг хадгалах чиглэлээр олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа хэдий ч хавьтлын илрүүлэлт хангалттай бус байдаг.
Цаашид “Халдварт  өвчнөөс сэргийлэх, хянах  үндэсний  хөтөлбөр”- “Тэмбүүг устгая”  үйл ажиллагааны хүрээнд бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх, бэлгийн эрүүл зан үйлийг төлөвшүүлэх талаар хүн ам, ялангуяа залуучуудад чиглэсэн мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэн ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж. Ялангуяа нийгмийн хариуцлагын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран ажиллаж тэдний санал санаачилгыг дэмжин ажилласнаар үр дүнтэй гэж үзэж байна.
Мөн жирэмсний хяналтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бэлгийн замаар дамжих халдварын эмчилгээний дараах хяналтыг сайжруулах, бэлгийн хавьтагчийг илрүүлэн, эмчлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. Эрүүл мэндийн яамнаас тэмбүү өвчнийг бууруулахад эрчимтэй ажил хийж эхлээд байна.
 “Халдварт  өвчнөөс сэргийлэх, хянах  үндэсний  хөтөлбөр”- “Тэмбүүг устгая”  үйл ажиллагаа хоёр жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд ирэх 2021 оны долдугаар сарыг хүртэл үргэлжлэх юм.

Эх сурвалж: АТIME.MN

Холбоотой мэдээ, мэдээлэл