Эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх ашгийг хамгаалах болно

Эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх ашгийг хамгаалах болно


 Эрүүл мэндийн сайдын 2019.11.05-ны өдрийн А/487 тоот тушаалаар “Эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх ашгийг хамгаалах орон тооны бус Олон нийтийн зөвлөл” байгуулагдсан бөгөөд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, хуулийн хэлтсийн дарга М.Ганзориг нар зөвлөлийн анхны хурлыг зохион байгуулав.
Тус зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч В.Батжаргал, академич П.Нямдаваа, доктор С.Дуламсүрэн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Б.Тунгалаг, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд тэргүүн Ч.Нарантуяа, доктор, дэд профессор Ч.Батнайрамдал, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн яаралтай түргэн тусламжийн эрхлэгч, хүний их эмч Б.Бат-Амгалан, ГССҮТ-ийн яс үений гэмтлийн тасгийн их эмч И.Гантулга, 25 дугаар телевизийн сэтгүүлч М.Нарантуяа нар тус зөвлөлийн гишүүнээр ажиллахаар болсон бөгөөд цаашид нэмж зөвлөлийн гишүүдийн тоог өргөтгөхөөр боллоо.
 
Орон тооны бус Олон нийтийн зөвлөл нь эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн зөрчигдсөн эрхийг хамгаалж, албан үүргээ гүйцэтгэх явцад үүсэж буй зөрчлийн шинжтэй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний зөрчигдсөн эрхийг сэргээх асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготойгоор байгуулагдаж байгаагаараа онцлогтой.
Тус зөвлөл байгуулагдсанаар эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын зөрчил гаргасан байдлын судалгааг улсын хэмжээнд гаргах, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйлдвэрчний эвлэл, ТББ, аймаг, нийслэлийн засаг дарга, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах, хууль эрх зүйн туслалцаа авахад дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн ажилтнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хууль, эрх зүйн сургалт зохион байгуулах зэргээр хамтран ажиллах юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл