ДЭМБ-ын НДББ-ийн захирал доктор Такеши Касай НЭМҮТ-д зочлон үйл ажиллагаатай нь танилцав

ДЭМБ-ын НДББ-ийн захирал доктор Такеши Касай НЭМҮТ-д зочлон үйл ажиллагаатай нь танилцав


ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай Монгол Улсад хийж буй албан айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамт олон Бүсийн захирал Такеши Касайг хүндэтгэн хүлээн авсны дараа тус төвийн Ерөнхий захирал Д.Нарантуяа Монгол Улсын төрөөс нийгмийн эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, хэрэгжилт, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар танилцуулах илтгэл тавилаа. 
Бүсийн захирал Такеши Касай Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамт олонд хандан мэндчилж, хөтөлбөрийн дагуу Шуурхай удирдлагын нэгж, Полимиелитын лабораторийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцав.
Мөн тэрээр монгол ахуйн нөхцөлд сайжруулсан зуухны ашиглалт, ДЭМБ-ын зөв хооллолтын зөвлөмжийг үндэсний онцлогт тулгуурлан “Гэр” зөвлөмж болгон боловсруулсан нь үр дүн өгч байгааг тусгайлан барьсан монгол гэрт бодитоор нь харлаа.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэндийн албанаас явуулж буй үйл ажиллагаа нь өнөөдөр хүн төрөлхтний өмнө хурцаар тулгамдаад байгаа цөлжилийг бууруулж, эко орчин бүрдүүлэхэд чухал хувь нэмэртэй болохыг бэлэгдэн Такеши Касай тус төвийн ногоон төгөлд дурсгалын мод суулгаж үлдээлээ.     
Даяаршиж буй ертөнцөд хүн амын эрүүл мэндийн асуудал нэг орны хүрээнээс хальж улам бүр дэлхий нийтийн шинж чанартай болж байгаа энэ цаг үед улс орнууд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү өндөр түвшинд хөгжүүлэх шаардлагатай нүүр тулсаар байна. Тиймээс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал айлчлалынхаа хөтөлбөрт Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагааг онцлон, ач холбогдол өгч ийнхүү зочиллоо.   
 

Холбоотой мэдээ, мэдээлэл