ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


ЭХЭМҮТ нь ЭМС-ын 2017 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн 3/1420 тоот Удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэрийн 3.1 дүгээр заалт, ЭМС-ын А/207 тоот тушаалд заасанчлан 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран “ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн Эрчимт эмчилгээний тасагт 2016-2018 онд эмчлэгдсэн эхийн ноцтой хүндрэлийн байдалд хийсэн дүгнэлт, зөвлөмжийг танилцуулах” цахим хурлыг зохион байгууллаа.
 
ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба, Эрчимт эмчилгээний тасаг (ЭЭТ)-тай хамтран зохион байгуулсан уг цахим хурлыг Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга удирдан явуулав. Тэрээр хэлсэн үгэндээ тус төвийн зөвлөх эмч нарын гаргасан дүгнэлт, зөвлөмжийг эмнэлгүүд өөрийн орон нутаг, байгууллагын түвшин, онцлогт зохицуулан ажилдаа мөрдөж ажиллахыг цохон тэмдэглэлээ.

Цахим хуралд ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн зөвлөх эмч нар, ТСА, СМТ-ийн эмч нар,   ЭЭТ-д ажлын байранд дагалдан суралцаж буй эмч нар, Амаржих газрууд, дүүргийн ЭМТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нар, аймгийн ЭМГ-ын  зарим удирдлагууд,  нэгдсэн эмнэлгийн чанарын албаны дарга, менежер, эх барих эмэгтэйчүүдийн эмч, зөвлөх эмч, ерөнхий мэргэжилтэн бүхий 179 хүн оролцлоо. 
 
Сүүлийн 3 жилд Улаанбаатар хот, аймаг орон нутагт жирэмсэн, төрөх, төрсний дараах үедээ ноцтой хүндрэн, ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн ЭЭТ-д ирж эмчлүүлэн, амь нас аврагдсан 194 эхийн тохиолдолд зөвлөх эмч Н.Дашзэвгэ, С.Амармандах нарын санаачилгаар Тандалт судалгааны албаны судлаач эмч Ц.Отгонцэцэгийн хийсэн дүн шинжилгээнд зөвлөхүүд дүгнэлт хийж, зөвлөмж гарган оролцогчдод танилцууллаа.
ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн ЭЭТ сүүлийн 3 жилд 1534 эмэгтэйг эмчлэн эдгэрүүлсний 12.6%-ийг ноцтой хүндрэлээс амь нас аврагдсан эх эзэлж байгаа ба бусад эхийг ноцтой хүндрэлд хүргэлгүй эмчлэх, ноцтой хүндрэлээс эхийг аврахад байгууллагын төсөв (өндөр өртөгтэй мэс засал, өргөн хүрээний антибиотик г.м), эмч мэргэжилтний ур чадвар, мэдлэг мэргэжил, хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэл, харилцаа хандлага, мэс заслын өмнөх бэлтгэл, мэс засалд оролцуулах эмч нарыг (урологи, ерөнхий мэс засал) эрт шийдвэрлэх зэрэг ихээхэн ур ухаан шаардагддагийг ЭХЭМҮТ-ийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний зөвлөх эмч С.Амармандах  онцлов.
Тэрээр, эх барихын болон хавсарсан эмгэгээс улбаалж эхийн ноцтой хүндрэлийн умайн үйл ажиллагааны алдагдал тогтвортой буурахгүй байгааг дурьдаад, шалтгаанд нь ихсийн эмгэг, кесар мэс заслын дараах халдвар давамгайлж буйг, 35-аас дээш насны давтан төрөгч эх илүүтэй ноцтой хүндрэн амь нас аврагдсаныг, ноцтой хүндэрсэн, амаржсан эхийн бараг тал нь дутуу төрснийг тоо баримтаар илэрхийлэн, тус бүрт нь нарийвчилсан дүгнэлт өглөө. Түүнчлэн эх барихын цочмог их цус алдалт нь ихэс түрүүлэлт, ихэс шигдэлтийн үед тохиолдож байгааг, кесар мэс заслын дараах умайн үрэвсэл, үжил халдварын улмаас умайг авах, тайрах тохиолдол зонхилж буйг эмч нар анхааран оношилгоо, мэс заслын ур чадвараа сайжруулах шаардлагатай байна гэж дүгнэлээ. Ноцтой хүндрэлээс амь нас аврагдсан, эрхтэн тогтолцооны эмгэгтэй 111 эхийн 22.5%-ийг тэмбүү, трихоманад элэгний үрэвсэл, сүрьеэ зэрэг халдварт ба шимэгчит зарим өвчинтэй эх эзэлж байсан тэдгээрт цус алдалт, халдварын, мөн хавсарсан шалтгаанаар умай тайрах, авах мэс засал хийгджээ.
            Эх барихын цочмог их хэмжээний цус алдалтаас эх бөөрний архаг дутагдалд орж насан туршийн гемодиализ эмчилгээ хийлгэх, бөөр шилжүүлэн суулгах зэрэг эрсдэл хүндрэл хүлээгдэж байдгийг эмч нар онцгой анхаарах, хүнд өвчтний амин үзүүлэлтийг 2-4 цаг тутамд хянах, эхийн биеийн байдлыг зөв үнэлэх, үжил халдварын үед бактериологийн шинжилгээгээр үүсгэгчийг тодорхойлон, гарааны антибиотикийг цохилтын тунгаар авах, мэс заслын өмнөх бэлтгэлийг урьдчилан  хангахын чухлыг дурьдлаа.

Зөвлөхүүд хийсэн дүгнэлтэндээ үндэслэн дараах 6  чиглэлийн зөвлөмж  гаргасныг эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Н.Дашзэвгэ танилцууллаа.
Үүнд:
  1. Умайн үйл ажиллагааны цус алдалтын тэргүүлэх шалтгаан-ихсийн эмгэгийг бууруулах,
  2. Умайн үйл ажиллагааны халдварын зонхилох шалтгаан-кесар мэс заслын дараах халдварыг хэрхэн бууруулах
  3. Ноцтой хүндэрч, ЭЭТ-д амь нас аврагдсан 166 эхийн 47.0 % дутуу төрсөнтэй холбогдуулан дутуу төрөлтөөс хэрхэн сэргийлэх,
  4. аас дээш насны давтан төрөгч эх илүүтэй ноцтой хүндэрч байгаатай уялдуулан эхийг жирэмслэлт, төрөлтөд хэрхэн бэлтгэх,
  5. Халдвараас сэргийлэхэд байгууллага бүр дотооддоо нөөц боломжийг хэрхэн дайчлан ажиллах,  өөрөөр хэлбэл төрөх өрөө болон мэс заслын өрөөний ариун байдал, эмч  мэргэжилтний гар угаалт,  мэс засад хэрэглэгдэж буй  багаж материалын ариун байдалд хяналт, үнэлгээ хийж ажиллах
  6.   IVF хийхдээ хувийн хэвшлийн эмнэлгүүд анхаарах, эхийн нас, эрхтэн тогтолцооны хавсарсан эмгэг зэрэг хүлээгдэж буй эрсдэл хүндрэлийг тооцохгүй байх тохиолдол байсаар байна. Тухайлбал  40 гаруй насны, артерийн даралт өндөртэй эхэд үр шилжүүлэн суулгасан, жирэмсний явцад ураг амьгүй болсон, эх хүндэрч ирсэн. Иймд  үр тогтоолтыг хийхэд зайлшгүй баримтлах нотолгоонд суурилсан удирдамж, зааврыг мөрдөн ажиллах,  ЭМС-ын холбогдох тушаал, удирдамж, зааврын мөрдөлт, хэрэгжилтэнд хяналт тавих, жамаар бус үр тогтоолтоор жирэмсэлсэн эхийн жирэмсний хяналтыг анхаарах шаардлага байгааг танилцууллаа.
Уг зөвлөмжтэй уялдуулан Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Б.Цогтгэрэл үр тогтоолтоор жирэмсэлсэн эхийн жирэмсний хяналтыг хэн, хаана хийх талаар  ЭМС-ын 338 тоот тушаалд шинэчилсэн тодорхой заалт оруулахыг ЭМЯ-нд уламжилж өгөхийг хүслээ.
Цахим хуралд танилцуулсан  дүгнэлт, зөвлөмжийг мөрдөж ажиллахыг,  залуу эмч нарыг тус төвд ажлын байранд дагалдан суралцахыг зөвлөх эмч Н.Дашзэвгэ уриалснаар цахим хурал өндөрлөв.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл